“За цаана чинь Жэнко Владивостокоор нүүрсээ зөөнө гээд наачихаж. 4000 километр ч гэнүү тойруу замаар. Нөгөө муу хэн ном үзээгүйн болохоороо баярлажээн гэж жигтэйхэн. 270 километр замаар Хятадад зарчих нүүрсийг хаа байсан Владивостокоор Японд зарах юм байх. Ямар хөлдүү толгойд нь ийм мангар бодол төрдөг байнаа. Үүхаахаха” гэх мэтийн “ухаантай”, “гавал” жиргээнүүд сүүлийн 7 хоног таймлайнаар хөврөв. Голдуу хэн, хэн, бас тэр хэний хүрээлэлийн жиргээчдээс. Ганц нэг төрөлхийн юм юм эсэргүүцэх одонд төрцөн фанатуудаас бусад нь бүгд төлбөртэй бичээчид.
Хэдэн жилийн өмнө би ч иймэрхүү жиргээ зөндөө хийсэн. Гэхдээ төлбөргүйгээр. Би аливаа юмыг эсэргүүцэхдээ ч нийтлэг зүй тогтлын эсрэг хэзээ ч явдаггүй, ярьдаггүй. Ялангуяа шинжлэх ухаанаар батлагдсан зүй тогтлын эсрэг бол бүүр ч үгүй. Би олныг дагадаггүй харин онолыг дагадаг зантай. Энэ удаад Жэнкогийн алхам онолтой зүг нийлээд байгаа тул түүнийг бяцхан өмөөрчихье. Яагаад гэдгээ доор сийрүүлэв.
Та нар анзаарсан бол намайг өмнө нь тэгэж жиргэж байх үед нүүрсний зах зээл өөр байсан юмшд. Үнэхээр л Монгол нүүрсээ дэлхийн зах зээлд хүргэх хамгийн дөт зам нь тэр үед Гашуун Сухайт боомт л байлаа. Урд хил дээрээ л яаж ийгээд аль болох ихээр, аль болох хурдан нүүрсээ авааччихвал дэлхийн үнээр зарагдах нь баталгаатай мэт байв. Олон хүн энэ байдалд хууртсан, би ч бас тэдний нэг нь.
Монгол нүүрс тэр үед нээрээ л дэлхийн үнээр манай хилийн цаана зарагдаж байсан юм. Дэлхийн үнээр шүү. 10 оны Австралийн үерээс хойш 10 - 13 онуудад дэлхийн зах зээлийн үнэ дунджаар 100-150$ хүрч, чухамхүү энэ үнээр бид нүүрсээ урагш нь ачуулж байсан. Хятадууд ч энэ үнээр цааргалалгүй авч хилийнхээ дотор монгол нүүрсэн уул босгон нөөцлөж байлаа.
Би ч энэ дэлхийн үнээр зарах алтан боломжийг алдахгүй байх гэсэн Оджаргалыг дэмжиж түүнд нь саад болж байсан Жэнког жиргээ, блогоороо зөндөө гөвсөөн гөвсөн. Гэхдээ хятадуудын хилийнхээ дотор нүүрс нөөцлөн овоолж байгаагаас битүүхэндээ эмээж байлаа. Монголыг нүүрсний наймаанд улс үндэстнээрээ орж, хамаг хөрөнгөө оруулж оруулж энэ бизнесээсээ буцаж гарах аргагүй болох тэр цагийг хүлээж байгаад мурих вий гэсэн болгоомжлол байсан. Биднийг бүх хүчээрээ зүтгэсээр байгаад шаварт мостоо тултал наашаа ч үгүй цаашаа ч үгүй суучихдаг тэрэг шиг болох тэр цаг мөчийг хүлээж байсан юм шиг санагдаад байдаг юм. Тэд үнэхээр л тэгсэн. Харин Жэнко сая энэ шавараас гарах тусламж олоод иржээ. Мэдээж тэр татаж гаргаж байгаа 69-тэй нөхөрт шовгорыг нь өгч л таарна. Гэхдээ л шавраасаа гарчихна.
Ер нь бол дэлхийн зах зээлд гарна гэдэг нь дэлхийн үнээр зарах боломжийг л хэлдэг. Хаана хэнд зарах нь огт хамаагүй. Энэ агуулгаар авч үзвэл сүүлийн 3 жилд монгол нүүрс дэлхийн зах зээлд огт гарсангүй. Хятадын зах зээлд л хятадын тулгасан үнээр нийлүүлэгдэж байна. Хятадууд үнэхээр анаж анаж байгаад Монголчуудыг маневрлах боломжгүй болох тэр цагийг нь ирэнгүүт монополь худалдан авагчийнхаа дээрмийн үнийг хүчээр тулган шахаанд оруулсан юм. Өөр зах зээлийг нээгээгүй, өчнөөн хөрөнгө ганц зах зээлд найдаж оруулаад зээл, зээлийн хүү, хувьцааны амлалтынхаа өрөнд орчихсон нүүрсний салбарынхан маань авч байгаа нь их юм гэж залбиран худалдан авагчийн хэлсэн мизерный үнээр нь баялагаа залбиран өгдөг болсоор даруй 3 жил болжээ. Тэдэнд өөр арга ч байгаагүй. Өр зээлээ ямар нэгэн байдлаар сул зогсохгүй байж байж л төлөх нь ойлгомжтой тул шулаачидтай чимээгүйхэн эвлэрсэн. 5 жилийн өмнө томрон дэлхийн зах зээл ярьж байсан Монголчууд хятадын нүүрсний хэдэн чэнжийн тулгасан үнэнд төр засаг улс үндэстнээрээ багтан орж явчихсан юм. 15 оны 4-р сард МCS худалдан авагч хятад, зуучлагч япон түншүүдтэйгээ хамтран нүүрсний салбарыг дэлхийн зах зээлийн зарчимд шилжүүлэх оролдлого хийсэн ч тэдний ажиллагаа төрийн хүрээнд ч олигтой дэмжлэг авсангүй замхран сарнисан.
Байдал ийм л байлаа. Тэр цагаас хойш эдийн засаг улс төр, дэлхийн байдал эрчимтэй өөрчлөгдлөө. Өнөөдрийн нөхцөл байдлыг эрүүл нүдээр харах нэг хүсэл байна. Эрүүл гэдэг нь зүйн тогтолыг нь ойлгож харнаа л гэсэн үг. Бид зүй тогтолоосоо гажаад балраад мунгинаад яваа юм биш байгаа. Яавал энэ будилаан мухардлаасаа гарах вэ?
Жэнког муулж Оджаргалыг магтахгүйгээр, Оджаргалыг миалж Жэнког долоохгүйгээр зүгээр л нэг эрүүл нүдээр харъя л даа хэдүүлээ. Айриш пабнаас Баянгол руу нулимж, Баянголоос 17 давхар руу салаавч үзүүлж одоо болоо бишүү эх орон нэгт нүүрсчид, төмөр замчдаа, эх орончид, пиарчдаа.
Надад 8-9 онуудад Австралийн Засгийн газрын Australian Leadership Awards тэтгэлэгээр Гриффит их сургуульд нисэхийн мэнэжментийн мастерын програмд суралцах завшаан тохиосон юм. Бидэнд ордог нэн чухал нэгэн хичээл бол Strategic Aviation Management байсан. Бизнесийн шийдвэрийг хэрхэн зөв гаргах, ямар хүчин зүйлүүдийг анхаарч тооцох гэх мэтийг заадаг МВА програмуудад ордог хичээл л дээ. Мастерийн 80 кредиэтээс 10 High Distinction, 50 Distinction, 10 Credit, 10 Pass үнэлгээтэй төгссөн юмдаг. Энэ хичээлд Distinction авч байв. Тэхлээр муугүй сурсан гэсэн үг.
Би энэ хичээлээс нэг зүйлийг маш сайн тогтоож авсан нь Портерийн 5 хүчин зүйлийн (Porter’s five forces) тухай хэсэг. Монголд хүртэл ирж байсан Харвардын профессор Майкл Портерийн тухай сонсоогүй эдийн засагч байхгүй гэж итгэж байна. Сонсоогүй бол өөрийгөө эдийн засагчийн тооноос хасчихаарай.
Портерын үгийг тоймловол “бизнест дараахь 5 хүчин зүйл сөргөөр нөлөөлөх боломжтой байдаг. Эдгээрээс зайлсхийж эдгээрийн сөрөг нөлөөлөлийг зайлуулах мэнэжмент хийж чадаж байгаа нь өрсөлдөөнд үлдэж бусад нь ялагдаж бизнесээс шахагддаг. Эдгээр хүчин зүйл нь
1.Нийлүүлэгчийн наймаацах бяр чадал (Bargaining Power of Suppliers)
2.Худалдан авагчийн наймаацах бяр чадал (Bargaining Power of Buyers)
3.Шинэ тоглогчийн аюул (Threat of New Entrants)
4.Орлуулах бүтээгдхүүний аюул (Threat of Substitution)
5.Салбар доторхи өрсөлдөөн (Competitive Rivalty)”
Тухайн үед би энийг агаарын тээврийн хязгаарлагдмал жижиг зах зээлийнхээн хэмжээнд л ойлгон хэрэглэж цаг нь болоогүй либералчлал, монополь шатахуун хангалтын аюулын хэмжээнд л тусган хэрэглэж ярьж явлаа. Гэвч агуу Портерийн онол мэдээж зөвхөн агаарын тээврийн тухай биш байх нь ойлгомжтой.
Ажаад байхад Монгол улсыг нэг бизнесийн нэгдэл гэвэл манай улс тэр чигээрээ Портерийн хамгийн муу хувилбараар замнаж явна.
1. Бид монополь нийлүүлэгчтэй бөгөөд байнга шахуу тэр нийлүүлэгчийнхээ шахалт дарамтанд байсан байна. Нефтийн бүтээгдхүүний нийлүүлэлт олон арван жил зөвхөн ганц улсаас, тэр дундаа ганц компаниас шахуу хараат байв. Саяхан болтол тийм байсан. Роснефть хүссэн үедээ үнээ дураараа нэмж (мэдээж дэлхий зах зээлийн үнэнээс хамаагүй илүүгээр), харин Монголчууд бид чимээгүйхэн үнийн өсөлтийг нь хармаанаасаа гаргаж төлсөөр ирсэн. Энэ өсөлтийг дагаад бүх юмны үнэ өсөж, төгрөгийн худалдан авах чадвар унаж байлаа. Дэлхий даяар бензин хямдарч байхад ганцхан Монголд л өсдөг байв. Сүүлдээ үнэ тогтворжуулах хөтөлбөр нэртэй тэр нефть нийлүүлэгчийн abuse дарамтыг зөөллөх гэсэн зардал төрийн валютын нөөцийг хорлонтойгоор шавхах болов. Жилд ойролцоогоор 2 тэрбум шахуу доллар бид нефтэнд өгөөд явуулж байв. Аргаа барахдаа 2 жилийн өмнөөс төр хутгалдан орж байж “тэнэг” үнэтэй ч хамаагүй Хятадын, Солонгосын, Казахстаны, бүүр цаанаас Омскийн нефть оруулж ирж эхэллээ. Сайханбилэгийн хийсэн хамгийн том гавъяа бол чухамхүү энэ.
Мэдээж Ангарскаас авснаас хамаагүй үнэтэй тээвэртэйгээр тэр нефтүүд орж ирсэн. Гэтэл юу болсон гээч. Өндөр үнэ тулган боомилоод байсан Ангарскийн нийлүүлэгч маань хэлэлцээрийн ширээнд сууж үнээ буулгаж эхлэв. Бага багаар буулгасаар агаарын тээвэрт нийлүүлэх түлшний үнэ гэхэд л дэлхийн зах зээлийн үнэнд тун дөхөж очлоо. 2010-12 онд дэлхий зах зээлд тонн нь 950 доллар байхад Монголд 1750 доллар байдаг байсан онгоцны түлш 2016 он гэхэд Улаанбаатарт 800 доллар болж бууж ирсэн юм. Москвагаас даруй 100хан долларын үнэтэй. Үүнийг дагаад агаарын тээврийн ашиг нэмэгдэж шинээр авсан онгоцнуудынхаа төлбөрт бахардан сандрах нь багасав. Монголчууд монополь нийлүүлэгчийн савраас бага багаар цаашид ч гарах байх.
Нефтийн нийлүүлэлт урьдын адил бараг 99% Ангарск хавиас хийгдэж байгаа ч үнэ нь дэлхий үнэ рүү бууж ирсэнээр нийлүүлэгчийн монополийг задлах өртөг өндөртэй тэр “тэнэг” худалдан авалтууд ашгаа хэдэн мянга нугалж өгсөн дөө. Хамгийн гол нь Ангарскийн үнийг доош нь чангаан барьж байгаа маш чухал хэрэгтэй өөр сувагуудаа бид нээлттэй хэвээр нь хадгалах хэрэгтэй байгаан. Ингэсэн байхад бензинээ дэлхий үнээр авч л таараа.
2. Монгол улс энергетикийн түүхийн эд худалдан авахаасаа илүүтэйгээр худалддаг улс билээ. Бараг л манай эдийн засгийн тал нь энэ бизнесээс амьдарч байна. Гэтэл энэ тал дээр бид мөн л бас нэг монопольд баглуулчихаад суугаад байгаа юм. Өмнөд хөрш маань манай нүүрс, төмрийн хүдрийг худалдан авагч цорын ганц түнш маань болсон. Зэс, зэсийн баяжмал харьцангүй концентраци ихтэй, compact бүтээгдхүүн тул тээвэрлэлт ложистикийн хүндрэл багатайгаар дэлхий даяар, дэлхийн үнээр борлуулах боломжтой байдагийг бид Оюу Толгойн ачилтуудаас харж байна.
Нүүрсэн дээр бид яалт ч үгүй хятадын аманд өөрсдөө л гүйгээд орчихлоо. Цаашид ч гарахгүй. Зөвхөн хятадад л ихэнх нүүрсээ зарах нь ойлгомжтой.
Мэдээж идеальный хувилбараар бол хятадууд манай нүүрсийг дэлхийн үнээр аваад, бид орон нутгийн үнээрээ төмөр замаар тээвэрлэлт хийгээд эхэлбэл ашиг тэнгэрт тулж, ард түмэн биш юмаа гэхэд манай төр засгийнхан, хэдэн капиталистууд маань гөтийж башийх нь дамжиггүй үнэн. Тэхдээ тийм байх боломжгүйг өнгөрсөн 3 жил харууллаа. Манай түншүүдээс монополь худалдан авагчийн abuse бас илрэв. Чалкогийн өрөөр дамжуулж дээрмийн гэрээ зуруулан Монголыг 3 жил мулт монжлоо. Хуулийн хүрээнд хүчинтэй гэрээ хэдий ч манай улс common law системтэй байгаад Equity law хэрэглэдэг байсан бол шууд л хүчингүй болгохоор дэндүү тэнцвэргүй гэрээ зурчихсан байв. Энэ гэрээгээр бид нарийн царигтай төмөр зам тавиад ч зөвхөн хятадууд авч байгаа тохиолдолд дэлхийн үнээр наймаа хийх боломж хэзээ ч бий болохгүй нь ил боллоо. Угаасаа л энэ тухай Портер аль дээр хэлчихсэн юм билээ.
Энэ монополь худалдан авагчийн дарамтаас яаж гарах вэ. Монополийн дарамтаас ямар ч үнээр хамаагүй монополийг задалж л гардаг. Нефтийн импорт дээр бид монополио халах алхамаа зардалтай ч зөв хийж чадсан шиг, нүүрсний экспорт дээр бас л энэ аргаа хэрэглэхээс өөр замгүй. Гол хүндрэл нь төмөр зам, мөн манай байрлал. Би энэ байдлаас гарах зам нь Эрдэнэт рүү говиос төмөр зам тавих гэж харж энэ тухайгаа нэлээн эрт жиргэж байв. Хойд чиглэлийн замын тээвэрлэлт урд чиглэлийн замын тээвэрлэлтээс олон дахин үнэтэй тусах нь мэдээж. Нэг сүйдтэй ихийг ч зөөхгүй. Гэхдээ л тэр зардлын зөрүү, урд чиглэлийн худалдан авагчийн монополийг эвдсэнээр өсөх үнийн зөрүүнээс дорхноо нөхөгдчихнө. Зөвхөн сүүлийн 3 жилд Хятадуудад нүүрсээ өгсөн тулгамал үнэ (30-50$), гадна талд өсөөд байсан дэлхийн үнийн (130-180$) зөрүүнээс л нөгөө төмөр замыг чинь барьчих мөнгөө бараг алдчихлаа гэж харж байна. Ийм байдал хэдэн 10 жилээр үргэлжилбэл яах вэ. Хамгаа барж хэрүүл хийж хийж Жэнкогоо зайлуулж аваад нарийн төмөр замаа бариадахтал нөгөөх нь бас л доош нь хийсэн үнээ тулгаад байвал яах вэ? Дан ганц үнэ тарифын abuse хийж байвал ч дүүрч. Улс төрийн хавчлагад худалдаагаа ашиглавал яах вэ? Далай лам, Энэтхэг-Монголын харилцаа болон Хятадыг дэмжээгүй алхам бүрд цохилт ирсээр байвал яах вэ? Бидэнд өөр гарц хэрэгтэй. Ямар ч үнээр хамаагүй.
Худалдан авагчдын тэр өгч ядаад байгаа үнийг хэрхэн яаж өсгөх вэ? Гэдийгээд, хавчаад байдаг занг нь яаж зөөлрүүлэх вэ? Нэг л худалдан авагчтай байхад энэ бол бараг бүтэхгүй мөрөөдөл. Тэдний мөнгөний урсгал наашаа хэзээ ч нэмэгдэхгүй. Гэвч арга бас бий.
Та нар багадаа Молоко сорж байсан уу? Яагаав нөгөө найрлагад нь “презервант буюу бэлгэвч” байдаггүй орос молоко. Молоко сороход нэг чухал юм байдаг. Нэг нүх гаргавал тэр нүхээр олигтой сорогдохгүй. Яаж ч тонгойлгоод нэмэргүй. Харин лаазын нөгөө буланд өөр нэг нүх гаргаад тонгойлговол нэг талаасаа урсаж өгнө.
Үүн шиг нүүрсээ зарах ганц сувагтай бол чам руу орлого олигтой орж ирэхгүй. Нүүрс чинь гараад л байна. Худалдан авагч чинь monopoly abuse хийгээд чиний хамаг баялагийг хямд үнээр хил давуулаад нөөцлөөд л байна. Тэгэж тэгэж нэг хэсэгтээ худалдан авалт хийхээргүй хямд нөөцтэй болмогцоо чамаас цаашид авахгүй гэж цахдан чамайг бүүр шалд нь буулгана. Чи бараг л гуйж байгаад өмнөхөөсөө ч хямд өгөхөөр тохирч балрах байх. Монголын нүүрсний салбарт яг ийм л юм болсон. Иймээс Жэнкогийн төмөр зам Жэнкогоос илүү Оджаргалд нэн чухал хэрэгтэй болоод байгаа юм. Жэнко молоконы лаазанд чинь нэн хэрэгтэй 2 дахь нүхийг төмөр замын хадаасаар цоолж өгөх гээд байх шиг байна.
3. Шинэ тоглогчийн аюул ямар ч бизнест байдаг. Ялангуяа зардлаар өрсөлдөх боломж муу бизнесийг бол дор нь нугаслана. Нүүрсний зах зээлд Австрали, Монгол, Америк, Орос, Хятад гээд олон тоглогч бий. Эд нар хуучин тоглогчид тул зах зээлийн өнөөгийн хуваарилалтанд онцын огцом өөрчлөлт оруулж нэг нэгнээ шахан зайлуулах нь юу л бол. Бид хамгийн ихээр африкаас олдож байгаа шинэ ордуудаас болгоомжлох ёстой юм. Орос мэдээж манай өрсөлдөгч нь үнэн. Гэхдээ тэнд ньюанс бий. Геополитикийн энэ ньюансуудыг доор өгүүлэмз.
4. Орлуулах бүтээгдхүүний аюул технологийн хувьсгалын үед зайлшгүй. Дулаан, эрчим хүчний хэрэглээний нүүрс үндсэндээ орлуулах бүтээгдхүүний түрэлтэнд ойрын 20-30 жилд бүрэн шахагдан ялагдах нь тодорхой болсон. Нарны эрчим хүч, шинэ технологийн батарейнууд дэлхийн эрчим хүчний одоогийн бүх үйлдвэрлэлийг будаа болгохоор байна. Нөгөөтэйгүүр металлургийн хэрэглээний нүүрс буюу coking coal-г цахилгаанаар орлуулах технологи хараахан нээгдээгүй байгаа. Нано технологи анхан шатны металлург руу нэвтэртэл ядаж зуун жилийг туулах нь дамжиггүй. Наана нь space mining л эрчимтэй түрээд ороод ирэхгүй л бол төмрийн хүдрээ хүн төрөлхтөн коксжуулах нүүрсээр л хайлуулсан хэвээр байх байх. Энэ талаар одоохондоо бидэнд санаа зовох асуудал бараг алга.
5. Салбар доторхи өрсөлдөөн үнийг ямагт буулгадаг. Хэт өрсөлдөөн салбарыг бүүр нурааж сүйрүүлж орхих нь ч бий. Өрсөлдөөний тухай 12 онд Үнийг номхруулах өрсөлдүүлэх чадвар нийтлэлдээ бичсэнийг та сонирхвол уншина бизээ.
Явж явж манай Монголын нүүрсний салбарын хямрал бол утга учиргүй үнээр өрсөлдсөний л хямрал юм. Энержи ресурсын үнийг ЭТТ татан буулгаад, ЭТТ үнийг Ажнайн бага таван толгой бут зохиод нэг тиймэрхүү дош дошиндоо хувь хувиа хичээгчдийн үнэ хэлцгээн хоорондоо өрсөлдсөөр бүгдээрээ хамтдаа гадны зууш болчихдог болсоноос нүүрсээ хичнээн ачуулаад ч ашиг орлого нь өсөхөө байсан байдал олон жил үргэлжилснийг бүгд харлаа. Рокфеллерийн Стандарт Ойл Траст шиг гадагшаа нэг үнэ хэлж худалдан авагчаасаа бүгд ашгаа салгаж чадах эв нэгдэл Монголчуудад байдаггүй. Энүүн дээр нь хужаа чээнжүүд тувт тоглочихно. Энэ олон нүүрсний хурал хуй хийж байхдаа яаж гадагшаах үнээ нэгдмэл болгох талаар олигтой ярихгүй, дэмий л баахан глобал юм ярьж хоржоонтой илтгэлээр хоосон лоозогносоор тарцгаана. Гадагшаах үнээ нэгдмэл байлгах нь төрийн оролцоогүйгээр бас л боломжгүй асуудал.
Манай нүүрсчидийн байдал ийм л байна. Эдийн засгийн онолын эсрэг яваад амжилт олохгүй нь тодорхой байхад бүх бүтэлгүйтлийнхээ бурууг дэмий л Жэнкод тохон шаагилдсан хэвээрээ. Саяхан болж өнгөрсөн Hotel Mongolia чуулганаараа төрийн тэргүүнээ нэр цохож балбаагүй ч буруугаа түүнд тохох уур амьсгал нь хэв хэвээрээ л байна лээ. Гоё гоё үгтэй сүр сүр илтгэлүүдэд нь төмөр замын хэрүүл хар мянгаараа дурьдагдсан.
Гэтэл нөгөө ад үзээд байсан Жэнко нь молоконых нь лаазыг нөгөө талд нь цоолж өгч явах ч шиг.
Жэнко нэгэнтээ Оджаргалыг төрөө дагаж намир гэж билээ. Би ч инээд хүрч байснаа нуух юун. Гэтэл тийм цаг ирдэг л юм байна. Очиж очиж Жэнког шүү. Шинэ ерөнхийлөгчийн сүүлийн 3 долоо хоногт хийсэн нүүдэл Монголын нүүрсний салбарыг өөд нь татах цоо шинэ боломжийг нээгээд хаячихлаа. Нүүрсний шинэ зах зээлийг нээснээр хятадын үнэ дэлхийн үнэнд ойртох боломж хүчээр нээгдэнэ. Мэдээж ихэнх нүүрс хятад руу урьдын адил зарагдах нь ойлгомжтой ч хятадын талын монополь бяр чадлыг дуусгавар болгоход Жэнкогийн хойд маршрут онцгой чухал үүрэгтэй.
Самбогийн дэлхийн аварга ерөнхийлөгч маань жудоч Путин ерөнхийлөгчтэй ярилцаад жудогийн эх орон Япон руу нүүрс зарах тохироог Абэтай сууж байгаад хийчих шиг боллоо. Гурван улсын тэргүүн зэрэгцэж сууж байгаа жудо үзэх зуураа Монголыг сэргээх тохироо хийчихлээ гэж би харж байна. Энэ тохироог зөвхөн Батлага ерөнхийлөгчийн харизмагаас болоод хийчихлээ гэвэл тэрэн шиг гэнэн эндүүрэл байхгүй. Мэдээж хувь хүний, хувийн харилцааны нөлөө нь асар их. Ядаж л Эби шиг ялалтын параданд уригдчаад африкчуудын дунд мурчийж суухааргүй нь тодорхой харагдаж байна лээ. Гэвч олон юмны цаана геополитикийн сонирхолууд л байгаа. Харин зөв цагтаа, зөв газраа, зөв хүмүүстэйгээ, зөв хэлээр нь ярьсан нь бол Батлага ерөнхийлөгчийн гавъяа гавъяа. Өөр ерөнхийлөгчтэй байсан бол ийм гоё боломжийг зүгээр л алдчих байлаа.
Дэлхийн 1-р дайн колонийг дахин хуваахын төлөө болсон бол 2-р дайн энергетикийн эх үүсвэрийн нөөцийн төлөө дайн байсан юм. Өнөөдөр албан ёсоор зарлаагүй л байгаа болохоос яг ид өрнөж байгаа 3-р дайн бол зах зээлээ булаалдсан энергетикийн түүхий эд олборлогчдын дайн болоод байна. Арабын ертөнц нефтийн хэт олборлолт, зах зээлийн түрэмгий борлуулалтаасаа болж гадны нөлөөгөөр хоорондоо иргэний, шашны урсгал хоорондын дайны галд олон жил сүйрч байна.
Украин бол зүгээр л Газпром, Америкийн занарын хийн корпорацуудын Европын зах зээлийг булаалдсан өрсөлдөөний хөлд үрэгдчихлээ. Монголоор оросын хийн хоолой дайраагүй нь бас л тэнгэрийн аврал байж. Халхын заяа ихээ гэж нээрээ л үнэн юм. Базарваань.
Украины хямрал, Крымын асуудлаас үүдэн оросуудад нефть хийн шинэ том зах зээл олох хэрэг гарсан. Мэдээж Хятадаас өөр хэн байхав. Тэднийг ялалтын параддаа залж, Монголыг тойруулан хийн хоолой татаж эхэлсэн ч нөгөөдүүл нь бас л Америктай занарын хийн маш том гэрээ байгуулж орхив. Дагаварт нь 100 Боинг онгоц хямд авахаар боллоо. Хятадууд Орос Америкийн өрсөлдөөн дундаас үнийг нь хямдруулах хонжоо хайж байсан нь ил болж Путиныг гонсойлгосон ч тэр үүнээ ил гаргахгүй байж байгаад сая Владивостокын уулзалтан дээр ил болгов. Хятадын Монголоос авдаг нүүрсний үнийг өсгөх замыг Монголчуудад нээж өгсөнөөр хятадуудыг сандралд орууллаа.
Япон бол Хятадтай далайн арал, хад булаалдсан газар нутгийн маргаантай, хэзээ ч сэдэрч болох жижиг боловч зэвсэгт мөргөлдөөний ирмэгт шахуу байгаа. Загасчдын завийг нь саяхан буудаж ч байсан байх. Энэ байдал Японыг нүүрсний шинэ нийлүүлэгч хайх эрэлд гаргасан гэхэд хилсдэхгүй. Яг Монголыг хайж хүлээж байсан гэх нь ч бас юу юм, тэхдээ л японы стратегчид нэг л шийдсэн бол шийдсэнээ л хийнэ. Солонгосын хойгийн хурцадмал байдлыг далимдуулан үндсэн хуулиндаа өөрчлөлт оруулж, цэрэг зэвсгээ хүчирхэгжүүлэх боломжоо ч нээж авах санаа байгаа юм байна лээ Япончуудад. Японы энэ амбицаас Хойд Солонгос гэхээсээ илүү Хятад хамгийн ихээр болгоомжилж айж байна. Япон бүх зэвсгээ Америкаас импортлоод байхгүй нь мэдээж тул голдуу өөрсдөө л хийнэ. Нүүрс ч үгүй, төмрийн хүдэр ч үгүй арлын Япон сөргөлдөгч Хятадаараа дайруулж хүнд үйлдвэрийнхээ хэрэгцээний нүүрс, хүдэр авах нь юу л бол. Цаадуул нь ч нутгаараа дамжуулан гаргах нь ч бас юу л бол. Цэвэр өнөөгийн хамгийн хурцадмал байгаа цэрэг стратегийн энэ соображение-с харахад л манай нүүрсчдийн хамгийн дөт гээд байгаа хятадын боомтоор японы зах зээлд гарах мөрөөдөл нь бараг л лөөлөө юм билээ. Хятадтай гэнэтийн нялуун харьцаанаасаа салж, бодит байдалдаа эргэн ирсэн Оросуудад ч бас өөрийн гэсэн ашиг сонирхол манай нүүрс, хүдэрийн тээвэрлэлтээс үүсэх нь гарцаагүй. Японтой газар нутгийн маргаантай ч худалдааны харьцаагаа хэвийн болгох сонирхол Орост үлэмж их. Орост тавьсан барууны хоригийг тойрч болох бүх л худалдаа, эдийн засгийн харилцааг эрэлхийлж байгаа, маш чих зөөлөн үе нь яг одоо таарч байгаа нь бас аз ч гэмээр. Тиймээс ч Оросууд өмнө нь олон асуудал дээр гэдийн цахдаж, хүнд суртал гарган үл ойшоож байсан гэрээ хэлэлцээрүүд дээрээ хаа сайгүй буулт хийж, бизнесүүдээ хөдөлгөөнд оруулахыг илт сонирхох болсон. Түүний нэг нь саяхан Зам тээврийн дэд сайдын үзэглэсэн төмөр замын тарифын гэрээ. Энэ гэрээг зүгээр нэг бие төлөөлөгч гүйж очоод оросуудыг найраад зуруулчихдаг ч юм биш. Нөхцөл байдал нь өнөөдөр бүрдээд байгаа учраас л зурагдаж байгаа хэрэг юм байгаан.
Аэрофлотын мэдэлд байдаг транс сибирийн маршрутыг Монголд бүртгэлтэй бүх онгоц (заавал ганцхан МИАТ ч гэхгүйгээр) ашиглах боломж гуйвал Путин гуай нэг их унжихгүй өгч л орхихоор харагдаад байна даа. Батлага ерөнхийлөгч нэг боломжоороо энэ тухай шип хийчихвэл бидэнд түлш асар ихээр хэмнэх боломж нээчих л юм байгаан. Алсдаа Европ руу монгол махаа, монгол архиа, монгол ноолуураа ачааны онгоцоор аль болох ихээр ачиж байгаад зөөхөд түлш хэмнэж даац нэмэгдүүлэх энэ тохироо л хэрэг болно.
Оросууд Кузбасс, Донбасс гэсэн том том бассейнуудаас олон жил нүүрс экспортлож байна. Ази Европ даяар шүү бараг л. Төмөр замаар, усан тээврээр. Гэлээ гээд үнэ өртөг нь талийгаад сүйд болсон юм алга. Economies of scale буюу далайц их байх тусам нэгжийн өртөг буурдаг эффектээр үнэ нь харин ч өрсөлдөх чадвартай болоод байх. Монголтой ойр байх Кузбассаас л хамгийн ойр байх номхон далайн боомтод хүргэх зай нь л 5500 километр гэжуага.
Оросууд Монголын тээвэрлэлтийг дэмжих бас нэг шалтгаан нь манай хилийн цаахна Могойн уурхайн үргэлжлэл болох Тувагийн нутагт илэрсэн асар их нүүрсний нөөцтэй орд юм. Энэ боломж оросуудыг бидэнтэй хамтарч нүүрсний бизнес хийх хувилбар руу шахаж байгаа. Монголын төмөр замд Оросын оруулах хөрөнгө оруулалтын үлэмж хэсэг нь ч Хөвсгөл рүү төмөр зам тавихад зарцуулагдах байх. Бид яаж ч эсэргүүцээд тэр өнгөрсөн. Далайдаа хал бал багатайхан байлгах, фосфоритийн олборлолтыг хориглох хууль гаргахыг шаардах л үлдсэн бидний хувьд.
Тувагаас тайгын уулан дундуураа төмөр зам татсанаас Монголын хил рүү 100 км цагаан газраар төмөр зам тавьж Монголын төмөр замд залгаад Монголоор дамжуулан дорнод сибирийн төмөр замдаа хүргэсэн нь эдийн засгийн хувьд оросуудад хамаагүй ашигтай тусах тооцоо байдаг юм билээ. Монголын 30 тэвш, тувагийн 30 тэвштэй цуваа Владивосток руу явуулаад байхад Оросууд дургүйцнэ гэж үү. Бараг үнэ өртөг ярихгүй багцаар нь тохирчих боломж харагдаад л байгаам даа эндээс.
Ингээд хараад байхаар тэнэг хүн тэхий дундуур гэгчээр Жэнкогийн зөв болж л таараад байгаан. Бид хувь хүнийхээ нэг нэгэндээ ханддаг таагүй хандлагаар бодит байдалд хандах хэрэггүй юм. Зөв хувилбар дээр хамтран ажиллаж харилцан дэмжиж байж л хамтдаа хожно. Тэгээд ч хил дамнасан бүх бизнесийг төрийн оролцоо дэмжлэгээр л хийдэг. Нефтийн бүх бизнес дэлхий даяар төрийн оролцоотой хийгдэж байна. Зарим үед нефтийн бизнест цэрэг дайны хүч ч их хэрэглэх боллоо. Нүүрсний бизнесийг ч улс төрийн дэмжлэгээр л хийдэг. Америк ч Орос ч Австрали ч тэгэж байна. Ялангуяа манайх шиг жижиг улсын хувьд нүүрсний бизнесүүд нь төрөө даган намирч хийх цаг болсон байна шүү. Ингэвэл ядаж л нэг нэгээрээ цаад талдаа хуниулаад монжуулаад байхгүй болцгооно. Үндсэн хуульд заасан үндэсний баялагийг за гроша ачуулаад суух нь ч угаасаа буруу. Үнэд оруулж чадахгүй бол үүцийг задалж зарах гээд байх ч хэрэггүй. Дараа үедээ үлдээ тэрэндор.
Төрийг тэргүүлж байгаа ерөнхийлөгчийн зүгээс ч бас бизнесүүдтэйгээ харилцан ойлголцож бизнесийн орчныг нь таатай болгож урам зориг нэмэх хэрэгтэй санагдаад байгаан. Алин бүүр Оджаргалыг тогшихов дээ. Татвар төлчих гээд л зүтгээд байхад нь. Хамгийн томыг нь тогшоод унахлээр жижгүүд нь бүүр ч каалдан жижигрээд хөдөлж чадахаа, хамгийн гол нь сэтгэж чадахаа байгаад байна. Монголын хэдэн бизнесүүд сүүлийн 4-5 жил юм юмнаас айж бэмбэгнэсээр сэтгэхүйдээ юмтай хүн шиг байнга цочин дальдчин явах боллоо. Тэдэндээ эрх чөлөөг нь өг л дөө. Хүн шиг байлгаад үз.
Элбэгдорж ерөнхийлөгчийн алдааг бүү давт гэж хэлмээр санагддаг. Элбэгдоржийн алдаа бол эрх чөлөөний мэдрэмжгүй буруу хүмүүст төрийн хуулийн том эрх мэдлүүдийг атгуулж тэднээрээ бизнесийн орчиныг сүйтгүүлэн дураар нь тавьсан явдал юм. Элбэгдорж ийм алхам хийснээрээ Монголыг захирч ч чадсангүй, нэгтгэж бүүр ч чадсангүй. Харин олсон хамаг эерэг legacy, улс төрийн бүх капиталаа пад хараар будаад л буусан. Дараагийн хүн нь Элбэгдорж шиг загнавал Монголчууд удаан тэсэхгүй. Тэдэнд Элбэгдоржийн 3-р term хэрэггүй. Таалагдахгүй бол 21 онд хөмрөөд л хаяна.
Өнөөдөр АТГ-д дуудагдаагүй захирал, ямар нэгэн цагдаа прокурорт байцаагдан шалгагдаагүй бизнесмэн олоход хэцүү болсон байна. Хуулийнхантай хуйвалдсан луйварчдад хөрөнгөө, бизнесээ дээрэмдүүлсэн үндэсний бизнесмэнүүд шоронгоор, цагдаа сэргийлэхийн корридороор дүүрлээ. Гадны хөрөнгө оруулагчид нэмж орж ирэх нь битгий хэл яавал Hotel Mongolia-гаас эвтэйхэн checkout хийчих вэ гэж шаналдаг боллоо. Арай л биш үү.
Тэр хүний эрхийн дайснууд болох А.Гансүх, З.Энхболд нарыг хууль хяналт, прокурор мрокурорт тавих бодол байгаа бол түүнээ даруйхан орхиорой. Хүний эрхийн суурийн суурь болсон үг хэлэх эрх чөлөө, өөр санаа бодолтой байхыг тэвчиж чаддагүй тийм хүмүүст бусдын хувь заяаг шийдэх эрх олгоно гэж ямар балдууш нь байдгийн. Тэдэнд ордонд орж гарах пропуск олгуулсан нь их юм шд уг нь. Тэд прокурорт очвол өмнөхөөс ч долоон дор байдал үүсгэнэ шүү. Нэг томилогдчихвол хэнд ч хянагдахгүй. Арай гэж Японтой наймаа тохирчихоод японы хөрөнгө оруулагчийг юу яасан гэж яригддаг (Баабарын хэлснээр) хүнд хуулийн илд атгуулчихвал хамтрагч нь юу гэж ойлгохов. Ерөнхийлөгч дараа нь 1000 гавъяа байгуулаад ч нэмэргүй болно. Legacy нь шууд л будаа. Хүмүүс зодуулсанаа л санахаас үнсүүлсэнээ санадаггүй юм. ПиАрчдаа ч бас хэмжээг нь зааж өг. Сонгуулийн 2 сард тэднийг зайтай, дуугүй байлгасанаар нэр дэвшигчийн нэр хүнд намын нөхдийнхөө дунд эрчимтэй өсөж, мартагдсан эвлэрэл үүсэж улмаар ялалт байгуулсан нь худлаа юу.
Эртхэн зарим гайтай дагуулаа номонд нь байлгаж байсан бол Сайханбилэгийн оронд ерөнхий сайд болох боломж ч Жэнкод байсан. Фракцаасаа авах гарын үсэг сох дутаад 7 гишүүнтэй Алтангадас, МҮДН фракцуудад тэр местийн төлөө өрсөлдөх эрхээ алдсан алдаагаа олон давтах хэрэггүй юм. 14 онд намайг хорьсоноос болж хамгийн олон 9 гишүүнтэй МоАХ фракцаас хүний эрхийн мэдрэмжтэй 3 гишүүн дэмжиж гарын үсэг зураагүй шүү дээ. Иймд 21 оны сонгуулиа бодож байвал зөв хүмүүсийг олж тэр хууль хяналтынхаа толгойд тавиасай гэж хэлмээр байна. Барууны том сургуулиудад төгссөн, хүний эрхийн асар өндөр мэдрэмжтэй хуульчид Монголд олон болж байна. Тэднээсээ хуулийн байгууллагуудын толгойд тавь л даа. Өндөр боловсролтой сайн хуульчдыг эмэгтэй гэж бүү гол. Харин ч эмэгтэйчүүд ашиг сонирхлын зөрчилд өртөж, айл хэсэн золгууд хийгээд явахгүй. Зарчим дээр нэг зогсвол таг зогсох чадвар эмэгтэйчүүдэд эрчүүдээс илүү байдаг юм.
Ард түмэн, бизнесүүд ерөнхийлөгчөөсөө биднийгээ бага зодож ташуурдаарай л гэж хүсч байгаа. Тэд өнгөрсөн жилүүдийн төрийн хүчирхийлэлээс үнэхээр туйлдаж залхсан шүү. Ерөнхийлөгч та ард түмний эцэг шиг байвал ард олон ард түмэн шиг нэгдэн хүрээлж чадна. Ялгаварлан хандвал ард түмэн дундуураа тас хуваагдана. Хэнд ч илүү, хэнд нь ч дутуу бүү ханд л даа. Өөр ерөнхийлөгч байж зөв легаси үлдээх боломж бол байна. Монгол улсын хөгжлийн олдож байгаа, энэ боломжийг ерөнхийлөгч нь өөрөө бүү үргээгээсэй. Ерөнхийлөгч нь ийм байж чадвал ард олон бид төрөө дагаж намирсан ч яахав.
没有评论 :
发表评论
评论