ДАЛАЙБААТАР, ТУЛГУУРЫН ХЭРЭГ II
Дөрөв. “Хиагтын гэрээ” ба үндэсний аюулгүй байдал
Д.Далайбаатар, Н.Тулгуур хоёрыг саатуулж, БНХАУ-д албадан гаргахдаа Монгол улсын холбогдох байгууллагуудаас ямар хууль тогтоолыг зөрчсөн, ямар гэм буруутайн тухай огт тайлбар өгөөгүй байна. Зөвхөн албадан гаргасан биш, Монгол улсад 10 жилийн дотор орж ирж болохгүй гэсэн хар тамга дарсан байна. Энэ нь Үндсэн хуульдаа “хүний эрх, эрх чөлөө, шударга ёс, үндэснийхээ эв нэгдлийг эрхэмлэн дээдэлнэ” гэж тунхагласантайгаа зөрчилдөж байна. Н.Тулгуур Монгол улсын иргэнтэй гэрлэж хамт амьдарч байсан. Н.Тулгуур Монгол улсад 10 жилийн дотор эргэж ирж болохгүй тул эхнэр нь түүний хойноос очиж Хятадад улсад амьдрах болж байна. Энэ нь Монгол улсыг бараадаж ирсэн цус, яс, зүрх сэтгэл нэгтэй өвөрлөгч Н.Тулгуурыг Монгол улсаас үлдэн хөөсөн явдал төдийгүй өөрийн иргэнээ давхар хөөсөн хэрэг болж билээ. Н.Тулгуурын эхнэр Батзаяа ерөнхийлөгч Ц. Элбэгдоржид бичсэн өргөдөлдөө нөхрийг албан гаргасан явдал бол “Гэр бүлийн тухай хууль”-ыг зөрчсөн гэж цохон тэмдэглэсэн байдаг.
Энд Д.Далайбаатар, Н.Тулгуур нарыг Монгол улсад байх хугацаанд тулгаж байсан ял, хавчлага дарамтын талаар товч өгүүлье:
Хүний эрхийн нэрт зүтгэлтэн, сэтгүүлч Ч.Мөнхбаярын бичсэнийг үндэслэвэл “2014 оны 4-р сард энэ гурван залууг албадан гаргах асуудлыг ИХШХЕГ, Тагнуулын ерөнхий газар (ТЕГ) тодорхой үндэслэлгүйгээр тавих болсон. 2014.4.18-нд тэднийг ИХШХЕГ: 4-р сарын 21-нд түүхийн сэдэвтэй уулзалт зохион байгуулах гэлээ, албадан гаргана гэж саатуулан хорьсон. Энэ уулзалтын ажилд ИХШХЕГ, ТЕГ-ын шаардлагаар оролцохоо больж, хамтран зохион байгуулалцаж байсан Монгол улсын иргэн дангаар зохион байгуулах болсон. Гэвч та нар оролцохгүй байсан ч албадан гаргана гэж тийнхүү хорьж, үүнээс болж Монгол улсын иргэд зар, урилга нь түгээгдсэн хурлыг хийхээ больсон. Хурал зохион байгуулагдахгүй гэсэн бичигт гурван залуугаар гарын үсэг зуруулсны эцэст суллан явуулжээ” \эх сурвалж: Ч.Мөнхбаяр “НҮБ-ын Хүний Эрхийн Дээд Комиссарын Газарт илгээсэн Монгол дахь НҮБ-ын орогнол хүсэгчдийн нөхцөл байдлыг сайжруулах тухай хүсэлт” 2014.06.13\гэсэн байна. Энд нэр гарч буй “гурван залуу” бол Д.Далайбаатар, Н.Тулгуур, В.Түвшинзаяа нар юм. Энэ тухай Чех улсад дүрвэн гарсан В.Түвшинзаяатай холбогдож асуудлыг тодруулбал Ч.Мөнхбаярын хэлсэн зүйл үнэн болохыг баталж, яагаад эд гуравт 10 жилийн хар тамга дарж, Монгол улсаас албадан гаргасан шалтгааныг одоо болтол ойлгохгүй байна гэсэн юм. Тэгвэл энэ “Түүхэн сэдэвт уулзалт” гэдэг нь “Өвөр Монголын 100 жил” гэсэн сэдэвтэй байжээ. Энэ хурлын урилгаа дээр “Өвөр Монголыг Монголоос тастаж Хятадад өгсөн зуун жил болох гэж байна. Хүний эрхгүй зуун жил, эх нутаг, байгаль орчин минь бохирлогдож эвдэгдсэн зуун жил, эх хэл, өв соёл минь талхигдаж сүйдсэн зуун жил, худал түүх, буруу сурган хүмүүжил хүртсэн зуун жил, эрх чөлөөгөө алдсан зуун жил. Энэ зуун жилд бид юу бүтээсэн, юугаа алдсан, бид яаж өөрчлөгдсөн, дараагийн зуун жилээ яаж угтах вэ” гэсэн оршил үгээс нь тус хурлын агуулга, зорилго чиглэлийг ойлгож болох мэт санагдана. Энд яагаад зуун жил гэж байгаа бэ гэвэл 1914-1915 онд тогтоосон “Хиагтын гэрээ” гэгчээс эхэлж тоолсон аж. Ингэж тоолох нь түүх, эрдэм шинжилгээний хүрээнд нэлээд маргаантай асуудал боловч, “Хиагтын гэрээ” нь Монголчуудын түүхэнд хар сүүдэр тусгасан гэрээ гэдэг нь зайлшгүй юм. 1911 онд Манж мөхөж Монголчууд Богд хаант улсыг байгуулж тусгаар тогтносон, гэтэл 1914-1915 онд Хиагт хотод Орос, Монгол, Хятадын хэлэлцээр болж “Хиагтын гэрээ” гэгчийг тогтоож “ Монгол улсын тусгаар тогтнол, бие даасан байдлыг хязгаарлаж, 'Өөртөө эзэрхэх Гадаад Монгол' -ын хилийг зөвхөн Халх дөрвөн аймаг, Ховдын хязгаараар зааглаж, Монголчууд нэгдмэл нэг улс болох үйл хэргийг хүчээр тасалжээ. Ингэснээр Ар, Өвөр зэрэг Монголчууд саланги тусгаар оршиход хүрчээ.”\Чөлөөт нэвтэрхий толь- Википедиа\. Түүхч Л. Жамсран “Ар Монголд автономит төдий эрх олгоод түүнд нэгдээд байсан Хөлөнбуйрын Баргыг салгаж 'тусгай район' болгох, бусдыг нь Дундад Иргэн Улсын ноёрхолд үлдээх болсон учраас нэгэнт тусгаар тогтноод 4 жил шахам болсон Монголын хувьд харгис үүрэг гүйцэтгэсэн … Хиагтын гурван этгээдийн хэлэлцээр бол Дундад Иргэн Улс, Монголын тусгаар тогтнолыг цуцалж бутарган захирах эрхийн үндэс болов" гэж дүгнэсэн байдаг.
“Хиагтын гэрээ” -г байгуулж байсан 19-20 -р зууны эхэн бол дэлхийн цөөн хэдэн эзэрхэг гүрэн жижиг буурай улс орныг дарамтлан хүчээр гэрээ хэлэлцээр байгуулж, хуваан эзэлж, колонио болгож байсан түүхэн цаг үе юм. Ийм хэрээ хэлэлцээрийг тэгш бус гэрээ хэлэлцээр\Unequal treaty\ гэж нэрлэдэг. Хэрвээ тэгш бус гэрээг хүчтэнтэйд тооцоход хүрвэл Хятадын зонхилох нутаг ч Хятадын биш, тухайн үед гэрээ байгуулсан, эзлэгдсэн тэдгээр улс орных болж хувирна. Жишээ нь: 1915 оны “21 зурвас”\”Двадцать одно требование”\, 1933 оны “Тангүгийн хэлэлцээр” \”Перемирие Тангу”\гэх мэт. Үүнтэй адил “Хиагтын гэрээ” ч тэгш бус гэрээ бөгөөд 22 зүйлтэй тус гэрээний 2-р зүйлд “Гадаад Монгол нь Дундад Иргэн Улсын сюзернитет эрхийг хүлээн зөвшөөрнө. Дундад Иргэн Улс, Орос нь Гадаад Монголын өөртөө эзэрхэх эрхийг хүлээн зөвшөөрнө” гэж бичсэн байдаг бол хятад эх дээр нь “Хятадын нутаг дэвсгэрийн нэг хэсэг болж” гэж байдаг. \ 第二条 外蒙古承认中国宗主权。中国、俄国承认外蒙古自治,为中国领土之一部分。\ Энэхүү сюзернитет \Францаар Suzeraineté\ эрх гэдэг нь тухайн улсын хамгаалалд орохыг хэлэхээс биш, бүрэлдэхүүнд нь орж байгаа хэрэг биш. Монгол эх дээр нь “өөрөө эзэрхэх” гэж бичсэн байдаг. Монгол, Түрэг хэлний “Өөрөө эзэрхэх” гэдэг нь өөрөө эзэн суух гэсэн утгатай. Эзэн суух гэдэг нь тусгаар улс гэсэн санаа гэх мэтээр судалж ярилцах зүйл олон байна. Харамсалтай нь одоо хүртэл зарим хятад сэхээтэн “Хиагтын гэрээ”-ийг өөрийн сонирхолд нийцүүлэн тайлбарлаж, Монгол нь эртнээс хятадын нутаг бөгөөд хууль бусаар салж гарсан мэт бичиж, “буцааж авах” тухай суртал ухуулга тасралтгүй хийж байгаа билээ. Ийм нөхцөл байдалд монгол, хятад, франц хэлтэй ар өвөр монголын эрдэмтэн залуус хамтран хурал чуулган зохион байгуулж, хар хятадын эзэрхэг санаа, бусармаг суртал ухуулгад няцалт өгөх нь цаг үеэ олсон үйл ажиллагаа гэж бодож байна. Гэтэл Монголын төр засаг “Хиагтын гэрээ”-ний тухай хийгдэх гэж байсан хурлыг болиулж санаачлагч нарыг нь элдвээр дарамталсан нь чухам хэний эрх ашгийн төлөө ажиллаж байгаа нь тодорхойгүй байна.
Монгол улсад оршин амьдрагч болгон гадаад дотоод гэж ялгахгүйгээр өөрийн үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй бөгөөд үүнийг нь Монгол улсын үндсэн хуулиар ч Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээгээр ч хамгаалсан байдаг. НҮБ-ын Хүний эрхийн түгээмэл тунхаглалаас авч үзсэн ч “хүний салшгүй эрх”-т хамаарагдаж байна. Энд наад захын жишээ татахад:
1. Монгол улсын “Үндсэн хууль”-ын Арван дөрөвдүгээр зүйлийн 2-т “Хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор нь ялгаварлан гадуурхаж үл болно. Хүн бүр эрх зүйн этгээд байна” гэж заасан байдаг. Энд “хүнийг” гэж байгаагаас биш монгол, эсвэл гадаад хүн гэж ялгаагүй байна. Өөрөөр хэлбэл Монгол улсын нутаг дэвсгэр дээр байгаа аливаа хүнийг үзэл бодлоор нь ялгаварлан гадуурхаж үл болно гэсэн үг, үүнд мэдээж Өвөр Монголоос ирсэн улс төрийн дүрвэгч нар ч багтах нь тодорхой билээ.
2. Монгол улсын “Үндсэн хууль”-ын Арван наймдугаар зүйлийн 5-т “Үндсэн хуулийн арван зургадугаар зүйлд заасан Монгол Улсын иргэний үндсэн эрх, эрх чөлөөг тус улсын нутаг дэвсгэрт байгаа гадаадын иргэн, харъяалалгүй хүнд эдлүүлэхдээ Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээнд заасан хүний салшгүй эрхээс бусад эрхийн хувьд үндэсний болон хүн амын аюулгүй байдлыг хангах, нийгмийн хэв журмыг хамгаалахын тулд хуулиар зохих хязгаарлал тогтоож болно.” гэжээ. Тэгвэл үндсэн хуулийн арван зургадугаар зүйлийн 16-т “итгэл үнэмшилтэй байх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх, тайван жагсаал, цуглаан хийх эрх чөлөөтэй. Жагсаал цуглаан хийх журмыг хуулиар тогтооно” гэж заасан байдаг. Энэ 16-р зүйл нь “Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээнд заасан хүний салшгүй эрх”-д хамаарагдана. Тухайлбал: Монгол улсын нэгдэн орсон “Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пакт”-ын 19 дүгээр зүйлийн 1-д “Хүн бүр үзэл бодлоо ямар ч хорио саадгүй баримтлах эрхтэй”; 2-т нь “Хүн бүр санаа бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхтэй; энэ эрхэнд төрөл бүрийн мэдээлэл болон үзэл санааг улсын хил хязгаарыг үл харгалзан амаар, бичгээр эсхүл хэвлэлийн буюу уран сайхны аргаар эсхүл өөрийн сонгосон бусад аргаар эрж хайх, хүлээн авах, түгээх эрх чөлөө багтана”; 3-т нь “ Энэ зүйлийн 2 дахь хэсэгт дурдсан эрхийг эдлэх нь онцгой үүрэг, хариуцлага оногдуулна. Тийм учраас түүнийг зарим талаар хязгаарлаж болох боловч тэр нь заавал хуулиар тогтоогдсон байх ёстой бөгөөд дараахь шаардлагаас үүдэн гарсан байх ёстой :
а/ бусдын эрх, нэр төрийг хүндэтгэх;
b/ үндэсний аюулгүй байдал, нийгмийн дэг журам, хүн амын эрүүл мэнд, ёс суртахууныг хамгаалах”гэсэн байна.
Тэгвэл дүрвэгч нар Монгол улс ба нийт Монгол туургатны эрх ашгийг хөндөж, 100 жилийн өмнө байгуулагдсан бөгөөд эдүгээ нэгэнт хүчингүй болсон гэрээний талаар өөрийн үзэл бодлыг илэрхийлэх нь яагаад ч гэсэн Монгол улсын “үндэсний аюулгүй байдал, нийгмийн дэг журам, хүн амын эрүүл мэнд, ёс суртахууныг хамгаалах” эрх ашгийг хөндөхгүй билээ. Үүний дээр мөн тус хэсэгт “зарим талаар хязгаарлаж болох боловч тэр нь заавал хуулиар тогтоогдсон байх ёстой” гэсэн байдаг. Гэвч Өвөр Монголын Монголчууд голомт болсон Монгол улсдаа ирж хурал чуулган хийж үзэл бодлоо илэрхийлж болохгүй гэж тогтоосон хууль дүрэм байдаггүй бөгөөд байх ч ёсгүй юм. Өөрөөр хэлбэл энэ тухай хуулиар тогтоосон зүйл алга. Харин дээрх хуулийн 16-р зүйлийн 3-ын a- заасан “бусдын эрх, нэр төрийг хүндэтгэх” гэсэн заалтыг “зөрчсөн” байж магадгүй гэж таамаглаж байна. Тэгвэл энд гарч байгаа “бусдын эрх, нэр төр” гэдэг нь БНХАУ -ын эрх, нэр төр л байж таарна. Яагаад гэвэл орогнол хүсэгчид нь БНХАУ-ын эсрэг байр суурь, үзэл бодолтой хүмүүс, зохион байгуулах гэж байсан хурал дээрээ ч энэ тухайгаа илэрхийлэх гэж байсан нь дамжиггүй. Нэгэнт бие дааж тусгаар тогтносон улс гэж байж, бусад улс гүрний эрх, нэр хүндийн төлөө ажиллаж байгаа нь маш харамсалтай явдал юм. Энэ нь сохор таамаг төдий биш, ТЕГ-ын даргаар ажиллаж байсан Ж.Баатарт холбогдох албан тушаалтнаас Монгол улсад хятад иргэдийг халдашгүй дархан эрхтэй байлгах, хятадын эрх ашгийг бүхнээс дээгүүрт тавих тухай зарлиг заавар өгч байжээ. ТЕГ -ын дарга асан генерал Ж.Баатар нэг сонинд өгсөн ярилцлагадаа “Ер нь Монголын нутаг дэвсгэр дээгүүр хаа сайгүй хятадууд олширч дураараа авирлаж байна. Ан гөрөө, худалдаа наймаа хийх нэрийн дор хятадууд судалгаа хийж, мэдээлэл цуглуулах боллоо. Хятадууд ийм замбараагүй болж байгааг хянах хэрэгтэй гэхээр “Хятадаар оролдохоо боль” гэж прокуророос хүртэл таньдаг хүнээр хэлүүлж байсан. Засгийн газар ч “Хятадын асуудлыг сөхөж тавихаа боль” гэж дургүйцнэ. Манай нутаг дэвсгэр байлдааны буу зэвсэг наймаалцах талбар нь болж байлаа. Энэ бүх сөрөг үзэгдлүүд Монгол Улсыг хүнд байдалд оруулна гэдгийг тэр үед сануулж, сэрэмжлүүлж байсан шүү дээ. Одоо яг тэр хэлснээр явж байгааг та нар харж байгаа биз дээ. …. Хотын прокурорын орлогч байсан Дамчаасүрэн тэр үед “Хятад хүний нэг үс унахад Ж.Баатар хариуцна” гэж яллаж байсан” гэжээ.\Эх сурвалж: “Генерал Ж.Баатар: Ц.Нямдорж Хятадын тусгай албадтай холбогдож байсан нь хөдөлшгүй баримтаар тогтоогдчихсон зүйл”- “Зууны мэдээ” сонин 2010 оны 5 сар\
Энэ мэтээр Монгол улсын зарим өндөр албан тушаалтан, тагнуул, цагдаа зэрэг хүчний байгууллагын хэсэг нөхөд “Монгол улсын үндэсний аюулгүй байдал” гэвэл Монгол дэх Хятадын эрх ашиг, хүсэл сонирхлыг хамгаалах явдал гэсэн буруу ойлголттой байдаг бололтой. Монгол улсад Хятадын эсрэг үзэл бодолтой хүмүүс байх буюу тийм үйл ажиллагаа зохион байгуулах нь “Монгол улсын үндэсний аюулгүй байдалд заналхийлэл учруулсан явдал” гэж тэдгээр хүмүүс үзэж, нухчин дарж иржээ. Хэрвээ тийм биш байсан бол яах гэж Өвөр Монголын орогнол хүсэгчийн үйл ажиллагааг хүчээр зогсоож, баривчлан саатуулж БНХАУ-д тушаасан вэ гэж асуумаар байна. Энэ нь зөвхөн Өвөр Монголын дүрвэгсдэд хийсэн дарангуйллаар зогсохгүй, БНХАУ-ын элчин сайдын яамны өмнө тайван жагсаал чуулган хийсэн Монгол улсын иргэдийг ч олон жилийн турш удаа дараа элдэв саад хийж, хүчээр тарааж ирсэн явдал ч үүний нэгэн баталгаа болох юм. Мөн дээрх хуулийн 21 дүгээр зүйлд “Тайван хуран цуглах эрхийг хүлээн зөвшөөрнө. Энэхүү эрхийг эдлэхэд ардчилсан нийгэмд үндэсний буюу нийгмийн аюулгүй байдал, нийгмийн дэг журам, хүн амын эрүүл мэнд, ёс суртахууныг хамгаалах, эсхүл бусдын эрх, эрх чөлөөг хамгаалах эрх ашгийн үүднээс хуулийн дагуу тогтоосноос өөр хязгаарлалт хийж болохгүй” гэж заасан байдгийг дахин санах хэрэгтэй. “Үндэсний буюу нийгмийн аюулгүй байдал” гэж чухам юуг заадгийг дахин нарийвчлан үзэх шаардлагатай байна. Цэрэгжсэн, Их Хятадчилах үзлийг дэврээсэн, колоничлогч, коммунист Хятад улсын аюул заналхийллийг сэрэмжлүүлсэн, эсэргүүцсэн Өвөр Монголын дүрвэгчид ба Монголын үндэстний үзэлтэн нар Монголын үндэсний аюулгүй байдлын заналхийлэгч биш, харин үндэсний эрх ашиг, оршин тогтнолын төлөө ахуй амьдрал, амь нас, аль байдгаа зориулж яваа хүмүүс байдаг юм.
“Хиагтын гэрээ”-тэй холбоотой сэдвээр эрдэм шинжилгээний хурал хийх гэсэн Өвөр Монголын дүрвэгч нарыг Монголын хүчний байгууллага хэрхэн дарамталж байсан тухай хүний эрхийн нэрт зүтгэлтэн, сэтгүүлч Ч.Мөнхбаяр “Энэ байгууллага нь гадаадын иргэдийн гарах орохыг бүртгэн хянахын оронд, улс төрийн цагдаа мэтээр ажиллаж, монголчуудыг тагнаж чагнадаг, гүтгэн дайрдаг, дарамтлан байцаадаг, цензүрдэн шүүмжилдэг, хийх хийхгүйг тулгадаг гэх зэргээр төрөл бүрийн улс төрийн бохир даалгавар гүйцэтгэдэг мэт сэтгэгдэл төрж байсан шүү. ТЕГ-тай хамтарч байсан байх л даа. Гэхдээ л тийм сэтгэгдэл төрсөн.
Чухам ИХШХЕГ дээр л Монгол улсын харьяатууд тэр хурлыг зохион байгуулсан ч та гурвыг тэр дор нь гаргана гэж мэдэгдэж, хийгээгүй зүйлийнх нь төлөө ч хийсэн мэтээр харгисална гэж заналхийлж, цааш хүнд хэлбэл мөн гаргана хэмээн сүрдүүлж, гурван залууг барьцаалан террорчлох замаар Монголын ард иргэдийн Хиагтын гэрээний талаар дуугарах эрхийг, ер нь үг хэлэх эрх чөлөөг хорин боогдуулж, давран туйлширч байсан нь үнэнтэй билээ. Ордсын гурван залуу биш, төрийн байгууллагын иймэрхүү муйхар үйл ажиллагаа л Монголын үндэсний аюулгүй байдлыг алдагдуулна. Ийм хандлага даамжирваас Монгол хамгийн харгис бурангуй, харанхуй гажиг улсуудын эгнээнд жагсаж, бүхий эрүүл, шударга улс орон биднээс дайжиж, сүйрэл мөхөл л нүүрлэнэ” \Ч.Мөнхбаяр “Монгол улсад Өвөр Монгол хүн амьдрах нь гэмт хэрэг биш” нийтлэл \хэмээн онож хэлсэн юм.
Үргэлжлэл буй
没有评论 :
发表评论
评论