ОХУ-ын Ерөнхийлөгч Монгол улсад ажлын айлчлал хийснийхээ дараа яаран нутаг буцахдаа Алтайн хязгаар, Бүгд найрамдах Тува улсаар зочилсон нь өнгөрсөн долоо хоногийн онцлох үйл явдал боллоо. Түүний энэ айлчлал мөн маш яаруу шавдуу болсонд бүс нутгийн ард олон гайхаж хоцорчээ. Уг нь бол Оросын Ерөнхийлөгч Тува улсад онцгой анхаарал тавих ёстой байсан боловч ердөө ганц цаг саатаж, үндэсний цэнгэлдэх хүрээлэнд болсон “хуреш” бөхийн барилдааныг 20 минут үзэж сонирхоод үзүүр түрүүний бөхчүүдэд таван минутын дотор баяр хүргээд нисэн оджээ. Тун яаруу явсан нь илт. Гэтэл Тува улс Орос нөлөөнд нэгдсэний (протекторат) нэгэн зуун жилийн ойгоо ёслон тэмдэглэж байдаг.
Харин Владимир Путин Тувагийн нийслэл Кызыл хотын "Хуреш" цэнгэлдэх хүрээлэнд болсон ёслол дээр тэмдэглэлт ойтой холбогдуулан Тува ард түмэнд баяр хүргээд энэ бүс нутагт гайхамшигтай сайхан сэтгэлтэй, аугаа авьяаслаг ард түмэн аж төрдөг, "Аугаа их эх орны дайны хүнд үед ялалт байгуулахад Тува улс зүйл бүрээр тусалж дэмжиж байсныг бид мартах учиргүй. Олон зууны түүхтэй энэ ард түмэнд бахархах үнэт зүйлс олон бий. Саяны нуруу, Енисей мөрөн, Их нууруудын хотгор зэрэг байгалийн үзэсгэлэн бүрдсэн эх нутгаараа бахархахгүй байхын аргагүй. Харин энэ бүх баялгийг та бүхэн шинэ үйлдвэрлэл байгуулж, шинэ ажлын байрууд гаргаж ашиглах ёстой. Та бүхний хэлдгээр: Булаг шанд нийлж гол болдог бол хүн олон нэгдэж аугаа их хүч болдог. Бид зайлшгүй, аливаа бэрхшээл бүхнийг даван туулж Тува улсын төлөө, Оросын алдар нэрийг бадруулах ялалт байгуулах ёстой!" гэсэн магтаал хэлсэнээр зорьж очсон зорилгоо гүйцэлдүүлсэн байна.
Ерөнхийлөгчөө хүндэтгэж Тувачууд дээд тэнгэрийн бэлгэдэл болох "Бүргэдийн бүжгээ" сонирхуулж, Эрийн гурван наадам хийхэд Ерөнхийлөгчийн хамт тус нутгаас гаралтай, Оросын батлан хамгаалах яамны сайд Сергей Шойгу, Бүгд найрамдах Тува улсын тэргүүн Шолбан Кара-Оол нарын албаны хүмүүс үзэж сонирхжээ.
Түүхийн хуудас сөхөхөд Тува хязгаар нутаг 1912 он хүртэл Манжийн дарлалд байсан бөгөөд 1911 онд Монголчуудын эрх чөлөөний төлөө тэмцлийн дүнд тусгаар тогтнолоо олсон боловч тухайн цаг үед явуулж байсан Оросуудын бодлого, Коминтерны даралт шахалтаар 1944 хүртэл тэсээд Зөвлөлт холбоот улсад нэгдсэн байдаг.
Харин ОХУ-ын Ерөнхийлөгч Путины ойн ёслол дээр хэлсэн үгээр бол Тува улс бүр XVII зуунд Оросын анхны элчин сайдыг хүлээн авч байсан бөгөөд тэр цаг үед баримтжуулсан Орост нэгдэх тухай тунхаг байдаг аж. "Үүний үр дүнд Орос улс, Тува улсыг өөрийн нөмөрт авч, Тува ард түмэн өөрсдийн ахуй соёл, ёс заншил, төрөлх хэлээ уламжлан өнөөг хүрэх боломж бүрдсэн" хэмээн Владимир Путин тэмдэглэсэн байна.
Харин тэгвэл бүр өмнийн түүх сөхвөл, Тагнайн судас шиг салшгvй Танну-Тува Ард Улс Урианхайчууд угийн эрэлхэг дайчин хvмvvс. Эзэн Чингис хаанд хvчээ өгч явсан эрэмгий баатар Сvбээдэй, Хубилай хаанд насаараа зvтгэж ирсэн Сvбээдэйн хvv сvр жавхлант Урианхайдай баатрын үр хойчис юм. Манжууд харин 1750-иад онд дөрвөдүүдийг Увс аймгийн Улаангомд суулган Тувачуудыг одоогийн Тува улсын нутагт нүүлгэжээ.
Ахуйн соёл, аж амьдрал, шашин шvтлэг нь бидний адил, нvvдэлчин тvрэг хэлтэн урайнхайчууд хэдэн зууны турш Монголын хязгаар нутгийг манаж ирсэн, тэд хэзээ ч өөрсдийгөө Монголоос салаад явчихна гэж бодож байгаагvй болов уу. 1911 онд Манж Чин Улс унаж Монгол тусгаар тогтнолоо зарлачихаад Оросын гарыг харж байсан тэр vед Хаант Орос цэргээ Белоцарскт оруулаад авсан. 1915 оны Хиагтын хэлэлцээрээр Монголыг Хятадад vлдээхээр болж, 1919 онд Монголын автономит төр Хятадад бvрэн унаад байсан тэр цаг үеэс улаан Оросууд Монголын хязгаар нутгуудаас тасдаж авах эрчимтэй бодлого явуулж эхэлсэн байдаг.
Хаант Орос улс Туваг уулаасаа түрэг хүмүүс хэмээн Монголын нэгтгэх оролдлогод саад хийж байв. Монголчууд эртнээсээ Саяны нурууг эцэг өвгөдийн нутаг, Туваг монгол үндэстний нэг хэсэг гэж үзэж байв. Зөвлөлтийн зарим эрдэмтэд буриад, халимагуудыг Монгол биш гэж нотлохыг оролдож байсан бөгөөд Тува хэл Монгол, түрэг хэлний аль алинийх нь нөлөөнд бүрэлдсэн тул шинэ дүрэм зохиож тува хэлнээс монгол үгийг шахан гаргах, Тувачуудыг Монгол үндэстнээс холтгох үйл явц харьцангуй хялбар явагдсан байна. Тувагийн нийслэл Кызыл. Уг нь Кизил хот гэж нэрлэж байсан бөгөөд Туваг Монголоос бvрэн тусгаар тогтносныг нь харуулахын тулд "хот" гэсэн дагаварыг албаар хассан байна. Кизил гэдэг нь "улаан" гэсэн тvрэг vг. Энэ хотын буурь нь Белоцарск гэдэг тосгон байжээ. Амар хялбар олзонд шунасан Оросын худалдаачид Сибирийн буйд хязгааруудад хэрхэн нэвтэрсэн шиг Саяны нуруунд ирэх нь олширсоор Улуг-Хэм (Енисэй) мөрний хөвөөнд (урианхай хязгаарт) ирж сууршин анхны хот тосгоноо байгуулж эхлэхэд сайхан сэтгэлтэй Монголчууд "Баатар Цагаан хааны vр сад" гэж тэднийг нэрлээд тvvнээсээ эх авч "Белоцарск" гэж тосгоноо нэрлэжээ. Оросын хааныг урианхайчууд "Цагаан Баатар" хаан гэж дуудаж тvvнийг Цагаан дарь эхийн бvрэлбаа хэмээн хvндэтгэж явсан байна.
Буриадын Номч мэргэн Агваан Доржиев Санкт Петербург хотноо Чойнхорын дацангаа босгохдоо цагаан дарь эх бурханыг хоёрдугаар Николай хаанд өргөж байсан нь мөн ийм учиртай. 200,000 гаруй мянган мал сvрэг, 55,000 хvн амтай Тувагийн нутаг тухайн vедээ зургаан хошуудад хуваагдаж байжээ. Тvvнд Зvvн-Кэмчик (Зvvн гол), Баруун-Кэмчик (Баруун гол), Каа-Кэм (Хаагийн гол), Улук-Кэм (Их мөрөн буюу Енисэй), Тэс-Кэм (Тэсийн гол), Тожу хошууд байжээ. Тожу хошуунд голдуу цаатнууд амьдардаг байна. Тувагийн ихэнх нутаг нь шивэр их тайга бөгөөд эртнээсээ ойн анчид байсан түүхтэй. Баян Тайга, Мөнгөн Тайгуудад анчид гадаад хvнтэй хэрвээ тааралдвал "Хайрхан өршөө" гээд ангийнхаа дээжийг ууландаа өргөж байсныг бичиж үлдээсэн тэмдэглэл байдаг байна.
Туваг гардан байгуулсан хvмvvс Оюуны Данзай, Олдох-Уулын Кэмчик-Уул, Хууларын Дондог, Буриадын Гэндэндармаа Нацов (Дотоод яам), Буриадын Богданов (Коминтерн), Цэдэв-Уул Танов, Салчикийн Тогоо, Оюуны Дарьт, Оюуны Чvнчvг-Уул гээд олон хvмvvс бий. 1921 оноос хойш Москвагийн КУТВ-т (Коммиссарский Университет Трудяшихская Востока) бэлтгэгдсэн Оросын талыг барьсан сэхээтнvvдтэй болсон тул Оросын зөвлөгч нар тэднээр бодлогоо хэрэгжүүлж, 1931 онд Монгол хэлийг албан ёсоор хэрэглэхээ больсон. Тэр сэхээтнvvдээс өөрийн гэсэн бодолтой хvмvvсvvд нь Оросын буун дор орчлонгоос арилж, өрөөлд толгойгоо мэдvvлсэн нь Туваг Оросын хавсарга болгоход морь нохой мэт зvтгэсэн аж. Тодруулбал, Сангийн сайд, Төлөвлөгөөний хороон дарга явсан Оюуны Данзай Пан-Монголын хэргээр 1938 оны 10 сарын 13-д буудуулсан. Лам гаралтай Хууларын Дондог 26-29 онд ерөнхий сайд хийж байгаад Монголтой нэгдэх гэсэн асуудлаар 1930 онд буудуулсан. 1925 онд Дотоодыг хамгаалах газрыг байгуулан 1929 он хүртэл даргаар нь ажилласан Олдох-Уулын Кэмчик-Уул 1929-1931 онд Улсын Бага Хурлын дарга, 1933-1928 онуудад ерөнхий сайд хийж яваад Оросод нэгдэхгvй гэж зүтгэсний төлөө хувьсгалын эсэргvv хэргээр 1939 онд буудуулж тvvний зураг нь хэвлэгдсэн бvх ном сонинг хураан шатаасан байна.
Харин хулчигараараа алдартай Салчикийн Тогоо Туваг Оросод нэгтгэж, "Буурай орны өмнөөс буруу vлгэр дуурайлал vзvvллээ" гэж маршал Чойбалсанд элэгдvvлж явсан түүхийг харин өнөөдөр мэдэх хүн ховор байх. Тува нар Оросод шууд захирагдахыг хvсээгvй учир 1924 оны Монголын тунхаглалын давалгаанаар Хэмчикийн хавьд Монголтой нэгдэх хөдөлгөөн өрнөж Минушинскаас ирсэн морин цэрэгт дарагдсан. Тувачууд "хvний нохой идэхээр өөрийн нохой идэг" гэсэн бодлоор Монголд нэгдэх гэж олон удаа зvтгэж байжээ. Тэр vед Монгол ч гэсэн дотроо баяртай ч гаднаа дуугvйхэн Оросын байрыг харж байлаа. Тувад ах нар ямар туршилт хийнэ тvvнийгээ Монголд мөн хийнэ, Монголд ямар туршилт хийнэ, тvvнийгээ Тувад давтана. Шинэ эргэлтийн бодлого, 38 оны их аллага, хvрээ хийдийг устгах хөдөлгөөн, таван жилийн төлөвлөгөө гээд бvгд адил юм. Ийнхvv Оросууд Туваг далан жил дарангуйлахдаа тэдний "Монголоо" гэсэн сэтгэлийг бvрэн угааж чаджээ.
Энэ үйл ажиллагаа 1944 оноос хойш эрчимтэй өрнөсөн байдаг. Харин 1980-аад оны сүүл, 1990-ээд оноос Тувад Оросоос салан тусгаарлах үзэл хүчтэй болсон байна.
Тувачууд хуучин сууж байсан нутгаа Тувагийн нутаг гэж үзсэн хэвээр байгаа тул энэ нь одоогийн Тува, Монголын хилийн зөрчлийн шалтаг болдог аж. Тува, Монголын хил дээр Орос улс өөрийн цэргээ олон тоогоор байлгадаггүй тул голчлон Монголын цэрэг хилийн шугамийг хянадаг байна.
ОХУ-ын хууль ёсоор бол Бүгд Найрамдах Тува улс Оросын холбооны нэгж (нэгэн бүгд найрамдах улс) болдог бөгөөд Сибирийн холбооны тойрог, Дорнод Сибирийн эдийн засгийн бүсэд багтдаг.
Орос улсын нутаг дэвсгэрийн хэмжээнд Тува улс 170,500 км2 талбайтайгаараа томоохон нутаг, 307,930 тоотойгоороо цөөхөн ард иргэд гэж харьцуулагдана. 2010 оны тооллогоор хүн амын 82.0% (249,299) нь Тувачууд, 16.3% нь Оросууд байгаа аж. Орос хэлнээс гадна Тува хэл албан ёсных байдаг.
ОХУ-ын Ерөнхийлөгч Путин Тува нутгийн үзэмж гоог шагшихаас өөр аргагүй. Учир нь тэрээр жил бүр шахам Алтайн хязгаар, Саяны нуруугаар ирж, амарч тухлан тул загас барих дуртай гэдэг. Ерөнхийлөгч Путин дотнын анд Сергей Шойгу, ерөнхий сайд Дмитрий Медведевийн хамт Тувад загасчилж байгаа нь.
没有评论 :
发表评论
评论