2010年9月5日星期日

Хятад таун буюу 100 айл

-Нэг хороонд 496 Хятад иргэн оршиж сууна-
Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 11, 12 дугаар хорооны нутаг дэвсгэр 100 айлын эргэн тойронд Хятад хороолол бий болоод удаж байна. Дээрх хороонуудад 600 гаруй Хятад иргэд урт богино хугацаагаар амьдран сууж байна. 100 айлд үйл ажиллагаа явуулдаг аж ахуй нэгжүүдийн ихэнхийг Хятад иргэд эзэмшдэг. Хүн бүхний нүдэнд ил тусах тус газар есөн жорын хог новшоор дүүрч, бохир муухайгаараа эгээ л хэдэн жилийн өмне Эрээн тосгонтой ижил болж байна гэж тус хоёр хорооны иргэд халаглан ярьцгааж байна. 12 дугаар хороонд 7624 хүн амьдардгийн 200 гаруй айл өрх буюу 496 нь Хятад иргэд юм. Хоёр болон түүнээс дээш жил түр хугацаагаар оршин суудаг 54 Хятад иргэн байгаа аж. Эдгээр иргэд бидэнд олдохгүй байгаа газрыг өөрийн мэт эзэмшсээр удаж байгаад иргэд дургүйцэж байна. Монгол улсын “Газар эзэмших тухай” хуульд гадны иргэн газар эзэмших эрхтэй “байхаар” тусгаагүй байдаг. Харин түр хугацаагаар буюу 180 хоногоос дээш хугацаанд амьдрах болсон тохиолдолд ашиглахыг зөвшөөрдөг. Гэтэл тэд арав, хорин жил амьдарч бизнесээ далдаас удирдаж, аж ахуй нэгжээ Монгол хүний нэр дээр болгож, “боол” Монгол хүнээс татвар, түрээс аван баяжиж, далд үйл ажиллагаануудаа давхар явуулж халуун ханзан дээрээ тарвалзаж хэвтдэг. Харахад нэг л ядуухан амьтад, хашааны буландаа жаахан ногоо тарьсан тарчигхан хүмүүс байдаг гэж учир мэдэх олон хүмүүс ярьж байна. Энэ талаар Сүхбаатар дүүргийн газрын албанаас тодруулахад, өөр мэдээлэл өмнөөс өгсөн. Гадаадын иргэнд газар эзэмших эрх шилжүүлэх тохиолдол байгаа. Энэ өргөдлүүдийн дунд өнгөрсөн жил гадны дөрвөн иргэн байсан. Иргэд олон зуугаараа эзэмших эрхээ шилжүүлж байгаа, Гэхдээ гадны иргэнд газар эзэмших эрх шилжүүлэх тохиолдол тун бага байгаа гэсэн. Бодит байдал дээр Сүхбаатар дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэр дээр амьдарч байгаа 496 Хятад иргэн хэний эзэмшлийн газар дээр амьдарч байна… Асуудлын гол нь энд байгаа юм. Хяналт тавих ёстой газрын албаныхан ажлаа ямаршуухан хийж байгаа нь ойлгомжтой. Хяналт тавих, хариуцлага тооцох систем алдаатай байгааг ашиглан 100 айл өдрөөс өдөрт хүрээгээ тэлж байгаа China Town буюу Хятад хороолол болжээ. Монголд амьдарч буй 2000 гаруй хятад иргэний 500 гаруй нь 100 айл хэмээх Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороонд амьдарч байна даа…
Л.ДАШДОРЖ
Эх сурвалж : “Нийслэл таймс” сонин