2010年9月5日星期日

Хятад барилгачдыг нутаг буцаахыг шаарджээ

Өнөөдөр “Хэвлэлийн хүрээлэн”-д “Даяар Монгол” ТББ хэвлэлийн бага хурал хийлээ.Энэ үеэр монгол хүн эх нутагтаа хятад иргэдэд зодуулсан явдлыг яагаад ч хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ тус хөдөлгөөнийхөн мэдэгджээ.

“Даяар Монгол” ТББ-ын тэргүүн Э.Бат: Энэ сарын 20-ы өдөр БНХАУ-ын иргэд Монгол иргэдийг Монголын цагдаатай нь хамт зодсон явдал бол Монгол улсыг, Монгол төр, Монгол хуулийг цаанаасаа зохион байгуулалттайгаар доромжилсон хэрэг. Уг хэргийг хууль хяналтынхан яаралтай анхааралдаа авч, тэр хэрэгт оролцсон бүх Хятад иргэдийг нэн даруй Монгол улсын газар нутгаас хөөж гаргах хэрэгтэй. Хэрвээ тэгэхгүй бол манай “Даяар Монгол” ТББ-ынхан дараа дараагийнхаа арга хэмжээг авах болно хэмээв. Түүнчлэн энэ үйлдлийнхээ төлөө БНХАУ-ын засгийн газар Монголчуудаас уучлал гуйх ёстой гэлээ.

Тус байгууллага нь Монгол улсынхаа хуулийн хүрээнд ажиллдаг. Сүүлийн үед манай байгууллагын нэрийг барьж, гадны хөрөнгө оруулалттай Хятад, Солонгос рестораныг дээрэмдэж, мөнгө төгрөг нэхэх хандлага олноороо гарах болсон нь манай байгууллагын нэр төрийг унагаасан бусармаг үйлдэл болж байна. Тус хэргийг үйлдсэн хүмүүсийг цагдаагийн байгууллага илрүүлэн шалгаж байгаа гэв. Түүнчлэн хятадуудыг нутаг буцаахад цагдаа хүчний байгууллагынханд нэмэлт хүч шаардлагатай бол хамтран ажиллахад бэлэн байна. Түүнээс гадна цагдаа, иргэд ялгалгүй зодсон энэ үйлдэлд Хятадын ЭСЯ уучлалт гуйх ёстой гэж үзэж байгаа аж.

Эргэн сануулахад, энэ сарын 20-ны өдөр Хан-Уул дүүргийн хоёр дугаар хороонд МХЕГ-ын төв лабораторийг барьж байгаа Хятад ажилчид зөвшөөрөлгүйгээр хажуугийнхаа байгууллага руу нэвтэрсэн аж. Энэ үед тухайн тус байгууллагын хоёр хамгаалагч үүргийнхээ дагуу тус ажилчдыг саатуулсны төлөө барилга барьж байсан Хятад ажилчид бөөнөөрөө ирж хамгаалагчдыг зоджээ. Хамгаалагч нарын дуудлагын дагуу ирсэн цагдаа нарыг ч мөн хутга, арматур төмөр, жоотуу, модоор зэвсэглэсэн 120 гаруй Хятад ажилчид зодож машиных нь цонхыг хагалж явуулсан байна. Тус үймээний үеэр зодуулсан 21, 22 настай хоёр залуугийн биеийн байдал маш муу байгаа бөгөөд ХӨСҮТ-д хэвтэн эмчлүүлж байгаа юм.

Харин МХЕГ-ын Тамгын газрын дэд дарга Ч.Мөнхжаргал хятадуудыг нутаг буцаахыг яаравчлахгүй байна, зодоонд голлон оролцсон зургаан хятад ажилтны баримт бичгийг хураасан. Улсын мөрдөн байцаах газарт шалгаж байгаа. Уг хэргийг үлдсэн хятад барилгачдыг албадан гаргах асуудлыг хоёр улсын Засгийн газар хооронд байгуулсан гэрээгээр шийдвэрлэх гэнэ. Харин үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан БНХАУ-аас “Хунай” барилгын компанийн удирдлагууд ирээд байгаа аж. Захиалагч байгууллага болох МХЕГ-аас асуудлыг хоёр улсын найрамдалт харилцаанд сэв суулгахгүйгээр авч үлдэхийн тулд холбогдох байгууллагатай холбоотой ажиллах гэнэ.

МХЕГ-аас мэдээлж байгаагаар Хятад ажилчид монгол иргэдийг эмнэлэгт хэвттэл нь зодсоны шалтгаан нь жижиг асуудлаас үүдсэн бөгөөд Лабориторийн байрыг барьж байгаа 116 хятад ажилчдын хэрэглэх цэвэр усыг шийдэхээр МХЕГ “Скай хапер маркет”-ын хашаан дотор байх худагнаас ус татаж өгсөн байна.

Хятад ажилчдын уух усыг бэлдэж өгсөн нь цаанаа учиртай. МХЕГ-ын төв лабориторийг барих хөрөнгийг БНХАУ-ын Засгийн газрын тусламжаар баригдаж байгаа учраас хятадууд өөрсдөө ажиллах хүчээ сонгоно. Манайх барилгачдын аюулгүй байдлыг хангах, амьдрах орчныг бүрдүүлнэ гэсэн хоёр улсын гэрээний дагуу ажил явагджээ. Гэтэл өнгөрсөн баасан гаригийн шөнийн 2-3 цагийн үед “Скай хапер маркет”-ын худгаас татсан труба нь хагарч ус алдсан байна. Хоёр хятад ажилчин усны крантыг хаахаар харуул хамгаалалттай дэлгүүрийн хашааг давжээ. Ингээд хэл нэвтрэлцэхгүйн гайгаар хэрүүл зодоон болсон гэж тайлбарлаж байгаа аж.
П.Наран